Нийгэм

Halloween баяранд оролцох хүүхдийн аюулгүй байдал, бусдын сонголтыг хүндэтгэх зөвлөмж

Жил бүрийн аравдугаар сарын 31-нд Halloween буюу сүнсний баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хүүхдүүд айл, өрхийн хаалга тогшин чихэр цуглуулдаг уламжлалтай.

Гэсэн хэдий ч баярыг угтахад танихгүй хүнтэй харилцах, хараа хяналтгүй зорчих зэрэг эрсдэлүүд тулгардаг бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

Бага насны хүүхдийг насанд хүрсэн хүн дагалдан гэрэлтүүлэг сайтай замаар явахыг анхаарах хэрэгтэй. Мөн танихгүй хүний гэр болон автомашинд орох хориотой.

Halloween тэмдэглэхийг хүсдэггүй айл өрх олон бөгөөд хаалганы “Чихэр цуглуулах хүүхэд хүлээж авахгүй” гэсэн бичгийг байрлуулсныг хүндэтгэх шаардлагатай. Түүнчлэн “Бүү тогш”, “Halloween тэмдэглэхгүй” гэсэн тэмдгийг харвал хүүхдүүд тухайн айлыг дамжин өнгөрөх нь зүйтэй.

Halloween баярт оролцох айл өрх нь гэрэлтүүлэг, чимэглэлээрээ илэрхийлэгдэх тул хүүхдүүд очсон хаяг бүрийг шалгаж хаалгаа олон удаа тогшохгүй байхыг зөвлөж байна.

Чихэр, амттанаа гэртээ ирээд эцэг эхдээ шалгуулж, урагдсан, задгай, гэмтсэн эсвэл сэжигтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Бага насны хүүхдэд хатуу, жижиг хэмжээтэй чихэр болон зажлуур өгч болохгүйг анхаарна.

Halloween баяр нь хүүхдийн хөгжилтэй үйл ажиллагаа боловч аюулгүй байдлыг хангах, бусдын хувийн орон зай, сонголтыг хүндэтгэх нь чухал юм.

Сэтгэгдэл