Нөөцийн махны худалдааг цахим бүртгэлээр ил тод болгоно

Засгийн газраас стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол баталж, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг холбогдох сайд нарт даалгалаа.
Нөөцийн махны худалдаа, борлуулалтын шат бүрт хяналтын тогтолцоо сул байсан нь гол асуудал болж байна. Тухайлбал, 2025 онд 5,016 тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн ч хаврын улиралд зах зээлд гаргах ёстой 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй байна. Мөн 3,203 тонн мах цахим төлбөрийн баримттай борлуулагдсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй буюу хэт өндөр үнийн дүнгээр борлуулсан зөрчил илэрсэн байна. Иймд махны бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэх явц, нөөцийн үлдэгдэл ил тод болох юм. Энэ нь хөнгөлөлттэй зээл авсан ч зориулалтын бусаар зарцуулдаг зөрчлийг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрээс махыг шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулах боломжтой болохоос гадна төрөөс нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэхгүй, олон оролцогчтой, өрсөлдөөнт зах зээлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Мөн стратегийн бусад бараа бүтээгдэхүүн болох түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зориулалтаар зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх үүргийг салбарын сайд нарт даалгалаа.
