Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 8 сарын 10-нд эхэлнэ

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 126,827 хүүхэд нь нийслэлд харьяалагдана гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 10-нд эхэлж, хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Нэгдүгээр шатны бүртгэлийг 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.
Нийслэлийн хүүхдүүдийг насыг нь ангилбал, 2 настай 27,832, 3 настай 31,303, 4 настай 32,002, 5 настай 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай юм. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн хувьд тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарууллаа.
