Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 36.1 хувиар өсөв

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 оны эхний долоон сарын байдлаар 19.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын хэмжээнээс 5 тэрбум ам.доллароор илүү гарч, гадаад худалдааны баланс эерэг үзүүлэлттэй байна.
Энэ хугацаанд экспорт 12.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 57.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алт экспорт 3.1 тонн болж, өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан байна. Мөн малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 10.9 мянган тонн болж, 17.9 хувиар буурсан байна.
Экспортын орлогын 82.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрс бүрдүүлж байна. Тухайлбал, чулуун нүүрс 65.6 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Зэсийн баяжмалын экспорт 1.53 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 23 хувиар нэмэгдсэн байна.
