Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд 100 хувь хагас коксон түлшийг борлуулна

2026-08-111min
Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд 100 хувь хагас коксон түлшийг борлуулна
Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100 хувь хагас коксон түлшийг айл өрхүүдэд борлуулах, 750 айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин мэдээлснээр, 2026 оны наймдугаар сарын 3-ны байдлаар 40,456 тонн түлшний нөөцтэй бөгөөд ирэх халаалтын улиралд 80,000 тонн түлш нөөцлөх төлөвтэй байна. Түлшний борлуулалтыг Нийслэлийн долоон дүүргийн 435 борлуулалтын цэгээр дамжуулан айл өрхүүдэд хүргэнэ.

2026 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2027 оны хоёрдугаар сар хүртэл хүйтний оргил үед айл өрхүүдэд хагас коксон түлшийг 100 хувь борлуулах юм. Энэ арга хэмжээний үр дүнд 2025-2026 оны халаалтын улирлын мөн үеийн агаарын чанартай харьцуулахад агаарын бохирдол есдүгээр сард 8.7 хувь, аравдугаар сард 1.5 хувь, арванхоёрдугаар сард 4.5 хувь, нэгдүгээр сард 3.8 хувь, хоёрдугаар сард 4.3 хувь, гуравдугаар сард 5.6 хувиар буурах боломжтой гэж тооцоолжээ. Арваннэгдүгээр сард агаарын бохирдол 3.1 хувиар өсөх нь түлш борлуулалтын өсөлттэй холбоотой байна.

А.Амартүвшин мөн Багануурын нүүрсийг ашиглан хагас коксон түлш үйлдвэрлэх нүүрс пиролизийн үйлдвэрийн төслийн талаар танилцууллаа. Лабораторийн судалгаагаар Багануурын нүүрсний хагас коксжих чанар А зэрэглэлд багтаж, технологийн туршилтаар хагас коксын гарц 55.8 хувьтай гарсан нь урьдчилсан тооцооллоос 10 хувиар өндөр байна. Төслийн гүйцэтгэгчийг есдүгээр сард сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтын ажил 2026 оны аравдугаар сараас эхэлж, 2028 оны гуравдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байна.

Төслийн болон уурхайн өргөтгөлийн хөрөнгө оруулалт 480 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүний 91 хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, үлдсэнийг нийслэлийн төсөв гаргах юм. Хоёр тал хамтарсан компани байгуулж төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор 100-4200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд 21 хорооны 32 байршлын 69 зуухыг хамруулж, жилд 20,719 тонн түлшний хэрэглээг өөрчлөхөөр тооцжээ. Ингэснээр хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгарлыг бууруулах боломжтой юм.

Түүнчлэн 2026-2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж, Азийн Хөгжлийн Банктай хамтран 303 айл өрхийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.