Шатахууны нийлүүлэлт тогтворжих чиглэлд олон улсын хэлэлцээ үргэлжилж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр мэдээлэл хийдэг.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд шатахууны түгээлтийг тасралтгүй хийж байгааг онцлов. Тэрбээр шатахууны нийлүүлэлт, түгээлтийг Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж буйг хэлэв.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотын 165, орон нутгийн 49 шатахуун түгээх станцад шатахуун түгээсэн байна. Наймдугаар сард ОХУ-ын “Роснефть” компанитай 50,000 тонн АИ-92 автобензин, 15,000 тонн Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах захиалга баталгаажсан бөгөөд ачилт эхэлсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хийж буй айлчлалын үеэр наймдугаар сард 25,000 тонн АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд эдгээр нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг хангах, нөөц бүрдүүлэх боломжтой гэж мэдээллэв.
БНСУ-аас 5-6 мянган тонн АИ-92 автобензин, Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах тохиролцоо хийгдэж, ачилт эхэлсэн байна. Мөн 3,000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ хэлцэл хийгдэж, эхний 1,000 тонн ачигдсан бөгөөд үлдсэн нь боловсруулах үйлдвэрээс ачигдсан байна.
Гаалийн ерөнхий газраас Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын хүрээнд шатахууны нийлүүлэлтийг дэмжих шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээллээ. Наймдугаар сарын 1-ээс хойш тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдрийн байдлаар 10,100 тонн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ.
Гадаад харилцааны яамнаас олон улсын геополитикийн хурцадмал байдлын улмаас 2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал үүсэх магадлалтайг онцлов. Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол нь дотоод бус олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж байгааг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэв.
Монгол Улс ОХУ болон БНХАУ-аас түлш, шатахуун импортолдог. БНХАУ шатахууны экспортоо хязгаарласан ч Монголд тусгай нөхцлөөр агаарын түлш нийлүүлж байна. Гадаад харилцааны яам БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан агаарын түлшний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
Мөн Казахстан, БНСУ, Европын Беларусь зэрэг улстай түлшний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ хийж байна. Казахстан улс наймдугаар сарын 4-ний өдөр Монголд түлшний марк, хэмжээ, тээвэрлэлтийн нөхцлийн талаар мэдээлэл хүссэн албан бичиг ирүүлсэн бөгөөд нааштай хариу ирнэ гэж үзэж байна гэж Р.Нямдаваа хэлэв.
