Цэцэрлэг, сургуулийн барилгын будаг, материалыг эрүүл мэндэд аюулгүй эсэхийг шинжлэж эхэллээ

2026-08-131min
Цэцэрлэг, сургуулийн барилгын будаг, материалыг эрүүл мэндэд аюулгүй эсэхийг шинжлэж эхэллээ
Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга, засварт ашигласан будаг, барилгын материалыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эсэхийг шалгах шинжилгээ авч эхэлжээ. Энэ хүрээнд цахим сургалт зохион байгуулсан байна.

Боловсролын яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан эсэхийг тодорхойлох цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээг цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжаас авч эхэлжээ.

2026 оны 8 дугаар сарын 12-нд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалт болж, аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч оролцсон байна.

Мөн 7 дугаар сард “Аюулгүй орчин-Чанартай барилга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш, ажилтан, суралцагчдын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавихыг онцлон, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу барилгын компаниудын гүйцэтгэлд хяналт тавьж, хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.