Сарьсан багваахай Нийслэл хот орчмын голын эрэг дагуу үүрлэн амьдардаг

Сарьсан багваахай нь Нийслэл хотын орчимд, ялангуяа Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүсүүд, мөн голын дээгүүрх бетонон гүүр болон ойр орших барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг.
Энэ амьтан жил бүрийн 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл идэвхтэй байж, ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг байна. Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг барих үед сарьсан багваахай орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн зургаан жилийн хугацаанд 60 орчим дуудлага бүртгэгджээ.
Иймд булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв сарьсан багваахайтай холбоотой дуудлага өгөх шаардлагатай бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсаар, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай холбогдох боломжтой юм.
