2026 оны эхний 7 сард гаалийн зөрчил 18.5 хувиар нэмэгджээ

2026 оны эхний 7 сарын байдлаар гаалийн байгууллага нийт 2394 зөрчил илрүүлсэн бөгөөд үүний 53 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Энэ хугацаанд илэрсэн зөрчлийн 47.5 хувь нь гаалийн болон бусад татвараас зайлсхийхтэй холбоотой, 22.6 хувь нь эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, 29.3 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.
Гаалийн байгууллага эрсдэлд суурилсан онилгоо, хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтарсан ажиллагааг тогтмол хэрэгжүүлж, энэ нь зөрчлийн тоог өнгөрсөн оны мөн үеэс 18.5 хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
Тухайлбал, энэ оны эхний 7 сард сэтгэцэд нөлөөт бодис болон 438 ширхэг хануур хорхойг тээврийн хэрэгслийн эд ангид нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн 03 дугаар сард Сүхбаатар боомтоор орж ирсэн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний эд ангид нуусан 438 ширхэг хануур хорхойг илрүүлж таслан зогсоосон.
05 дугаар сард тагнуулын байгууллагатай хамтран иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд хийсэн шалгалтаар 23 нэр төрлийн 250 ширхэг цайнаас сэтгэцэд нөлөөлөх “этинамат” бодис илэрч, эрүүгийн хэрэг үүсгэн тагнуулын байгууллагад шилжүүлжээ.
Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Чингис хаан олон улсын нисэх боомтоор энэ оны эхний 7 сард 6959 ширхэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 1315 ширхэг тураах төрлийн тариаг хууль бусаар оруулах гэж оролдсон 40 зөрчил илэрсэн байна.
Мөн 2026 оны эхний 7 сарын хугацаанд 13 удаагийн үйлдэлд холбогдох 2190.2 грамм, 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Гаалийн байгууллага иргэдэд улсын хилээр нэвтрэхдээ хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэхээс зайлсхийх, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөх, бусдын ятгалгад автахгүй байхыг анхааруулж байна.
