COP17: Санхүүжилтийн өдөр эхэлж, газрын нөхөн сэргээлтийн төсөлүүд танилцуулагдлаа

2026-08-241min
COP17: Санхүүжилтийн өдөр эхэлж, газрын нөхөн сэргээлтийн төсөлүүд танилцуулагдлаа
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын COP17 бага хурлын санхүүжилтийн өдөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт болон газрын нөхөн сэргээлтийн төсөлүүдэд төвлөрч байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилж байна. Санхүүжилтийн өдөр нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнө.

Өнөөдөр COP17-ын өндөр түвшний уулзалтын нээлт болж, газрын доройтол, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг товлогдсон байна.

Өнөөдрийн хуралдаанд дараах арга хэмжээ зохион байгуулагдана: Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах; бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд; Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг; ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum; уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum; бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт болох Rangelands Flagship Initiative; газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг; Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага; уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.