Увс аймгийн “Шинэ Улаангом” захын түрээслэгчдэд Засгийн газрын 4.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ

Увс аймгийн “Шинэ Улаангом” худалдаа, үйлчилгээний төвд 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд гал гарч, барилга шатсан байна.
Тус худалдааны төв нь орон нутгийн өмчийн оролцоотой байсан бөгөөд галын улмаас 216 иргэний бараа бүтээгдэхүүн шатсан бөгөөд хохирлыг хэрхэн барагдуулах талаар асуудал үүссэн юм.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 5.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Тогтоолын дагуу 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр 216 иргэнд олгох 4.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн данс руу шилжүүлжээ.
Дараа нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоодугаар сарын 3-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөн мөнгийг шилжүүлсэн байна.
Долоодугаар сарын 7-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Засгийн газрын тогтоолын дагуу 216 иргэнд нийт 4.1 тэрбум төгрөгийг тус бүрийн дансанд шилжүүлж, нэг иргэнд ойролцоогоор 19-20 сая төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн “Шинэ Улаангом” захын түрээслэгч, хохирсон 45 иргэнд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 866.3 сая төгрөгийн зээлийг 48 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон байна.
