Татварын байцаагч нарын 100 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шалгаж дууслаа

Нийслэлийн татварын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусгасан байна.
Тэдний хамааралтай хэргийг Нийслэлийн прокурорын газар дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХК-ийн 2021-2023 оны татварын төлөлтийг дээрх байцаагчид шалгасан бөгөөд татварын зөрчил илрүүлсэн байна.
Гэвч албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2025 оны есдүгээр сарын 30-нд тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Нандинцогоос найзаар нь дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ.
Мөн уг мөнгийг хууль бусаар угаасан хэрэгт буруутгагдсан юм.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сард А.Бадам, Б.Цогт-Очир нарт Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнчлэн “Дарцагт ноёд групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Нандинцогийг мөн хуулийн дагуу яллагдагчаар тооцон, гэм буруутай эсэхийг дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргасны улмаас Авлигатай тэмцэх газар дахин шалгажээ.
