Нийслэлд сурагчдын хичээлийн цагийг өөрчлөж, авто замын ачааллыг бууруулна

2026-09-011min
Нийслэлд сурагчдын хичээлийн цагийг өөрчлөж, авто замын ачааллыг бууруулна
Нийслэлд 2024 оны хичээлийн жилд 653 цэцэрлэг, 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 523,332 хүүхэд суралцах бөгөөд хичээлийн цагийг бүсчлэн зохицуулах замаар авто замын хөдөлгөөн багасгах төлөвлөгөө гаргалаа.

Нийслэлд энэ хичээлийн жилд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллах бөгөөд 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр байна.

Мөн нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27,000 багш, ажилтан ажиллах юм. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан бол одоо 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байгаа аж. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 3 спорт заал багтжээ.

Сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс “Гэрт ойр сургууль” төслийн хүрээнд 9,000 гаруй сурагч суралцах юм. Хотхоны бага сургуулиудын тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэхээр болжээ. Энэ тоног төхөөрөмжт ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүн багтсан байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэх бөгөөд нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжихээр байна.

Суралцагчдын ачааллыг бууруулахын тулд 3,000-аас дээш суралцагчтай 38 сургууль болон 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1,089 бүлгийн тоог зохицуулах юм. Мөн “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна сурагчдын хичээл эхлэх, дуусах цагийг өөрчлөн бүсчлэн зохицуулснаар тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг багасгахаар төлөвлөж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явуулахаар болсон байна.