Тэтгэвэрт гарсан цагдаа нар “Хүүхэд хамгаалагч цагдаа” болох ажил эхэллээ

2026-09-011min
Тэтгэвэрт гарсан цагдаа нар “Хүүхэд хамгаалагч цагдаа” болох ажил эхэллээ
Тэтгэвэрт гарсан цагдаа нар өнөөдрөөс эхлэн сургууль орчмын хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллаж эхэллээ.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” албан тушаалд тэтгэвэрт гарсан цагдаа нар томилогдож, өнөөдрөөс эхлэн сургууль, орчмын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг гүйцэтгэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэхүү санаачилгыг дэмжиж, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилготой “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллах болсоныг танилцуулсан юм.

Энэхүү хөтөлбөр 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Тэтгэвэрт гарсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтнууд нь сургууль болон түүний ойр орчмын нийтийг хамарсан цугларалт, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах үүрэгтэй байна.

Тэд хүүхдийн олон цуглардаг, хараа хяналт муутай орчинд, замын хөдөлгөөнд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн хүүхдүүдийн дунд үүсч болох үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, эрсдэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг илрүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэнэ.