Улаанбаатарт нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно

2026-09-021min
Улаанбаатарт нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн дөрвөн давхар 2500 ам метр талбайтай өргөтгөлийн шинэ барилгыг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын хамгийн онцлог нь хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн шийдлүүд юм.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн шинэ барилгыг энэ сард ашиглалтад оруулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус барилга нь дөрвөн давхар, 2500 ам метр талбай бүхий бөгөөд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа юм.

Шинэ барилгын гол онцлог нь хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэж, давхар бүрт тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, зорчих гарц зэрэг тохижилтуудыг тусгажээ. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд номын сангийн үйлчилгээг бусад уншигчдын адил хүртэх боломжтойгээр төлөвлөсөн байна.

Өргөтгөлийн барилга нь одоогийн Нийтийн төв номын сантай уялдаатай ажиллах бөгөөд проесд нь авсан уншигчийн карт хүчинтэй хэвээр байна. Шинээр уншигч болох иргэд нэг картаар Нийтийн төв номын сан болон нийслэлийн бусад салбар номын сангуудаар үйлчлүүлэх боломжтой болно.

Номын сангийн орчинд номын дэлгүүр, уншигчдад зориулсан кофе, цай, хөнгөн хоолны үйлчилгээ үзүүлэх хэсгийг байгуулна. Дөрвөн давхарт үнэгүй интернет ашиглах боломж, гуравдугаар давхрын цахим уншлагын танхимд компьютер болон интернетийн үйлчилгээ үнэ төлбөргүй байх юм.

Иргэд номын санг 24 цагаар ажиллуулах хүсэлт гаргадаг ч хүний нөөцийн болон аюулгүй байдлын нөхцөлөөс шалтгаалан тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгааг холбогдох албаныхан мэдээлэв.