Туул голын дагуух усны ослын эрсдэлтэй 20 байршилд сэрэмжлүүлэг самбар байршууллаа

“Бүү бас” усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян улсын хэмжээнд хэрэгжиж байна.
Энэхүү аяны хүрээнд Туул голын дагуух усны ослын эрсдэлтэй 20 байршлыг тодорхойлж, иргэдэд сэрэмжлүүлэг самбар байршууллаа.
Иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг дагах; цүнхээл, гүнзгий, эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх; бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх; архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх зэрэг орно.
Мөн цаг агаарын мэдээ болон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар уриалж байна.
Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм.
