Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр мопед, скүүтертэй холбоотой зам тээврийн ослын тоо 90 хувиар буурсан байна.
Хуулийн хүрээнд мопед, скүүтерээр замын хөдөлгөөнд оролцохдоо дараах шаардлагыг хангахыг журамласан. Үүнд: жолооч нь 18 нас хүрсэн байх, тээврийн хэрэгслээ бүртгэлд хамруулсан байх, мөн жолоодох эрхийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай.
Эдгээр шаардлагыг хангасан бол мопед, скүүтерээр зориулалтын замаар зорчих боломжтой бөгөөд зориулалтын зам байхгүй нөхцөлд авто замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр зорчиж болно.
Мөн мопед, скүүтерээр явган хүний замаар зорчихыг хориглодог ба явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа унаж биш, бууж түрж гарахыг шаарддаг.
Тээврийн цагдаагийн алба хуулийн хэрэгжилтэд хяналт тавин, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Иргэдийг замын хөдөлгөөний дүрэм, хуульд заасан шаардлагыг дагаж мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчлохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээх боломж хаалттай байна.