Улс төр

Чингис хааны эш хөргийг архи, тамхины сав баглаа боодолд ашиглахыг хориглох хууль боловсруулахыг Засгийн газарт даалгав

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын дагуу Засгийн газарт таван гол чиглэлээр ажиллах үүрэг даалгавар өгсөн байна. Үүнд: Их Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газрыг шинээр тогтоон хамгаалах, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих; Чингис хааны үйл хэрэг болон түүхэн эх сурвалжуудыг хэвлэн нийтлэх, гадаадад хадгалагдаж байгаа эх сурвалжуудыг олж авах; Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бүтээгдэхүүний онцгой албан татварт ногдох сан байгуулах; түүх, соёлын бүтээл, арга хэмжээнээс олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоолын төслийг боловсруулах; мөн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо болон Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад архи, тамхины сав баглаа боодолд Чингис хааны эш хөргийг ашиглахыг хориглохоор заажээ.

Ийм өөрчлөлтүүдийг Засгийн газар хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

Мөн энэ сарын 10-ны өдөр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно.

Сэтгэгдэл