Нийгэм Онцлох мэдээ

Өвөрхангайд XVI-XVII зууны бурхны шашны түүхэн үнэт олдворууд илэрчээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед холбогдох бурхны шашны сүм хийдийн үнэт олдворууд илрүүлжээ. Монгол, Японы хамтарсан археологийн малтлагаар Авид бурхан, 21 ширхэг эрхи, хадны зургууд, модны үйсэн дээр бичигдсэн судар зэрэг олдворууд илэрсэн байна. Тэдгээрийн дунд 400 гаруй жилийн турш сайн хадгалагдсан “Чингис хааны билиг сургаал” онцгой ач холбогдолтой олдвор болжээ. Энэ удаагийн археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаалийг бичгийн бус бодит олдвороор илрүүлсэн нь түүх, археологийн шинжлэх ухааны хувьд онцлог үйл явдал юм.

Чингис хааны музейн захирал, академич С.Чулуунгийн мэдээлснээр, уг малтлага хоёр жилийн турш үргэлжилж, Монголын бурхан шашны түүхэнд шинэ зүйлсийг тодруулахаар ажиллаж байна. Эртний буддын шашны томоохон хийдүүдийн нэг болох Эрдэнэ Зуу хийдтэй ойролцоо цаг үед байгуулагдсан байж болзошгүй энэхүү сүмийн эзний талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Харин тус газар нь түүхэнд Цогт тайжийн бага хүү Заан хунтайжийн эзэмшилд байсан бөгөөд зохих холбогдолтой тохиолдол олон байдаг.

Малтлагаар ханын зураг, бурхны шашны урлалын төрлийг харуулсан олдворууд илэрч, эдгээр нь тухайн үеийн хөгжил цэцэглэлтийг харуулахуйц байна. Япон улсад зарим олдворын нас тодорхойлох шинжилгээ хийсэн бөгөөд олон олдвор XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеэс гаралтай болохыг тогтоосон нь энэ сүм нь эртний Монголын ууган хийдийн нэг болж байсныг илтгэж байна.

Түүнчлэн, модны үйсэн дээр бичигдсэн судар дунд Чингис хааны хөвгүүд болон дүү нартаа зориулсан билиг сургаал агуулагдсан нь олдсон байна. Судлаачдын үзэж байгаагаар, эдгээр билиг сургаал нь бурхны шашны үзэл санаатай зэрэгцэн түгэн тархаж байсныг нотлох ач холбогдолтой юм. Энэхүү олдвор нь Чингис хааны билиг сургаалийг археологийн олдвороор анх удаа илрүүлсэн тохиолдол бөгөөд Монголын бурхан шашны түүхийг илүү гүнзгийрүүлэн судлах эх үүсвэр болж байна.

Үүнээс гадна, судалгааны явцад Монголд зөвхөн Эрдэнэ Зуу хийд төдийгүй түүнтэй зэрэгцэн олон сүм хийдүүд байгуулагдаж байсныг баталж буйгаа археологичид онцолсон байна.

Сэтгэгдэл