Нийгэм

Улаанбаатар хотод дүүжин тээврийн төслийн механик туршилт есдүгээр сард эхэлнэ

Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх дүүжин тээврийн төсөл 2025 оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхэлснээс хойш 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дүүжин замын цахилгаан болон автоматикийн холболтыг гүйцэтгэж, системийн программ хангамжийн тохируулгыг дуусгасны дараа механик туршилтын ажил есдүгээр сарын 19-нд эхлэхээр төлөвлөжээ.

Туршилтыг эхний ээлжинд 1-2 хоосон кабинаар, дараа нь 40, 50, 60 кабиныг дарааллан хөдөлгөж хийх бөгөөд тээврийн системийг 750 кг жин бүхий энэ ачаа болон ачаалалтай, хоосон кабинуудтай олон хувилбараар туршина.

Механик туршилттай зэрэгцэн цахилгаан систем, аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг ажиллуулж, тэдгээрийг унтраах болон бусад нөхцөлд систем хэрхэн ажиллахыг шалгана.

Дүүжин тээврийн анхны шугамыг Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж байгаа бөгөөд энэ нь 4.2 км урттай юм. Уг шугам нь оргил цагийн ачааллын үед нэг цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд зорчигчдыг 22 км/цаг хурдтай 11-13 минутын дотор хүргэнэ.

Сэтгэгдэл