Гадаадын иргэн, харьяатын газраас 2023 оны наймдугаар сард хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтад 145 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж, нийт 2,299 гадаадын иргэн шалгуулсан байна.
Мөн шалгалтаар зөрчил гаргасан 2,994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ. Зөрчил гаргасан иргэдийн 91.55 хувь буюу 28,741 нь уригч хуулийн этгээдээр, 8.15 хувь буюу 244 нь хувь хүнээр, 0.30 хувь буюу ес нь уригч иргэнээр зөрчил гаргасан байна.
Үндсэн зөрчлийн төрөлд уригч хуулийн этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хугацаанд нь зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй зэрэг асуудлууд давамгайлж байгаа аж.
Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч гарахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз болон бүртгэлийн журам зөрчсөн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэдэд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна.
Иймээс уригч иргэн, хуулийн этгээд нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсхүл Монгол Улсаас гаргахыг анхааруулахыг зөвлөжээ.


Сэтгэгдэл