Нийгэм

Аравдугаар сард дулаан боловч гэнэтийн хүйтрэл, температурын хэлбэлзэл ажиглагдах төлөвтэй

Аравдугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй боловч гэнэтийн хүйтрэл үүсэх магадлал өндөр байгааг цаг уурын байгууллага мэдээлэв.

Дэлхийн цаг уурын байгууллагын тогтоосноор олон жилийн дундаж утга нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундажийг илэрхийлдэг.

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж температур, хур тунадасны хэмжээ Баруун, Төв, Зүүн, Говь гэсэн дөрвөн бүс нутгаар тус бүрээр төлөвлөгдсөн байна.

ОЖД-аар агаарын температур Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх хэсэгт 0…-8°C, Говийн өмнөд нутгаар +6…+10°C, бусад нутгаар 0…+6°C орчим байх аж.

Хур тунадас Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн хэсэг болон говь тал хээрийн бүс нутагт 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм орно.

Баруун аймгуудын нутгаар агаарын температур үргэлжлэн олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дундуураа, зөвхөн зарим хэсгээр бага байх төлөвтэй юм.

Нэг болон гурвандугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх боловч хоёрдугаар арав хоногийн эхэн болон гурвандугаар арав хоногийн дунд, сүүлчээр сэрүүн байх магадлалтай.

Мөн тодорхой үед хур тунадас орж, уулархаг газарт нойтон цас, салхи ширүүсэх эрсдэлтэй байна.

Төвийн нутгаар агаарын температур ерөнхийдөө дунджийн орчим боловч Хөвсгөл, Архангайн баруун хэсэгт дулаан байна.

Хур тунадас ихэвчлэн Булган, Сэлэнгийн нутгаас гадна Хөвсгөлийн зүүн болон Төв аймгийн хойд хэсгээр ахиу тус хэмжээтэй байхаар төлөвлөгджээ.

Зүүн аймгуудын ихэнх нутгаар дулаан, хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим хэсгээр ахиу байх хүлээлттэй.

Говийн нутгаар хуурай, дулаан ерөнхий төлөв ажиглагдаж, хур тунадас зөвхөн зарим хэсэгт бага орно.

Аравдугаар сард хүйтрэл, температурын хэлбэлзэл их, салхи шуурга ажиглагдах тул малчид, тариаланчид болон жолоочдод сэрэмжлэхийг анхааруулсан байна.

Малчид дулаан өдрүүдэд хадлан, тэжээл бэлтгэж, малын өвөлжилтийн бэлтгэлээ хангах, тариаланчид ургац хураалтын ажлаа түргэн дуусгах хэрэгтэй юм.

Мөн хур тунадас болон нойтон цасны улмаас зам, даваа хаагдах, халтиргаатай нөхцөл үүсэх тул замд гарахаас өмнө цаг агаарын урьдчилсан мэдээг авч бэлтгэлтэй байхыг зөвлөжээ.

Сэтгэгдэл