“Солонго-1, 2” болон “Ногоон нуур” 1008 айлын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 2023 оны аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар явуулахаар боллоо. Иргэд www.tosk.gov.mn сайтаар дамжуулан ДАН системээр нэвтэрч бүртгэлээ хийх юм. Сонгон шалгаруулалтад тэнцсэн бол арваннэгдүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой.
Түрээслээд өмчлөх орон сууцанд төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгчид, залуу гэр бүлүүд, ахмад настан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон иргэн, байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой.
Түрээслээд өмчлөх орон сууц нь түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөрийг 5 жилийн хугацаанд хуримтлуулж, орон сууцны үнийн 30 хувийг төлж зээл авах замаар түрээслэн амьдарч буй орон сууцаа өмчлөх боломж олгодог.
Бүрдүүлэх баримт бичгүүдэд иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн гэрээ, өргөдлийн маягт, орлого тодорхойлох баримт бичиг, орон сууцгүй болохыг нотлох эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг багтана.
Түрээсийн орон сууцны үнэ нийслэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн 1 м.кв тутамд 11,000-15,000 төгрөгөөр тогтоогджээ.
Түрээслээд өмчлөгч нь төлбөрөө гэрээнд зааснаар хугацаанд нь хийж, 14 ба түүнээс дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд өдөр тутам 0.5 хувийн торгууль төлнө.
Хөтөлбөрт хамрагдах иргэн нь Улаанбаатар хотод оршин суудаг, 18 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн байх, гэр хороололд амьдарч, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй эсвэл өмчилж байгаагүй, тогтвортой нэгээс дээш жил ажилласан байх шаардлагатай. Мөн өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хэтрэхгүйгээр түрээсийн болон орон сууц өмчлөх төлбөрийг төлөх боломжтой байх ёстой.
Түүнчлэн иргэн шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх шаардлагатай юм.


Сэтгэгдэл