Эдийн засаг

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сард болно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ оны аравдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан” болно. Тус хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцолсон байна. Харин Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынович хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоог бодит төсөл байгууллагад хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл