Нийгэм Онцлох мэдээ

Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд ногдуулдаг шийтгэлүүд

Экологийн цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, мөн хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ан агнах зэрэг 21 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, нийт 116 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэснээс хууль бусаар ашигт малтмал олборлох 10, хууль бусаар ан агнах 3, хууль бусаар мод бэлтгэх 6 болон бусад 6 хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 4, хууль бусаар мод бэлтгэх 6, хууль бусаар ан агнах 2, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн зүйлүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд дараах шийтгэл ногдуулна. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн эсвэл худалдсан бол 450-5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх, мөн нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл ногдуулна.

Хүндэрсэн нөхцөлд буюу бүлэглэн үйлдсэн, тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн эсвэл төрийн албан хаагч албан тушаалын байдлаа ашигласан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ял тавина.

Хуулийн этгээд, компани, аж ахуйн нэгжид маш тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20,000-120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Мөн байгаль орчинд учруулсан хохирлыг тухайн модыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож, хуульд заасан хэмжээгээр буюу ихэвчлэн гурав дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг юм. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийг хураах арга хэмжээ бас авч байна.

Сэтгэгдэл