Спорт

The MongolZ баг Global Open 2026 EECA тэмцээнд түрүүлэн 16,000 ам.долларын шагнал авлаа

Цахим спортын PUBG Mobile тоглоомын Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах “Global Open 2026 Season 2-EECA” тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод есөн өдрийн турш явагдаж, өчигдөр аваргаа шалгарууллаа.

Тэмцээнд нийт 80,000 ам.долларын шагналын сантайгаар Европын 12 баг, Төв Азийн найман баг оролцсон бөгөөд Монгол Улсаас Aurora Gaming, The MongolZ, Team MIO гэсэн гурван баг өрсөлдсөн байна.

Шалгаруулалтын сүүлийн шатны 17 тоглолтын нийлбэр дүнгээр The MongolZ баг 151 оноотой нэгдүгээр байранд орж, 16,000 ам.долларын шагнал хүртэв. Тэмцээний шилдэг тоглогчоор JIROv2 буюу Д.Уртнасан тодорч, 500 ам.долларын мөнгөн шагнал авлаа.

Мөн The MongolZ баг нь энэ оны аравдугаар сард Пакистан улсад болох “PUBG Mobile Global Open 2026 Season 2” тэмцээнд оролцох эрхийг авсан байна.

Aurora Gaming баг 116 оноотой долоодугаар байр эзэлж, 3,000 ам.долларын шагнал хүртсэн бол Team MIO баг 82 оноотой 13 дугаар байранд шалгарч, 2,000 ам.долларын шагнал авлаа.

Өнгөрсөн жил Казахстан улсад болсон Global Open 2026 Season 1-EECA шийдвэрлэх тэмцээнд манай улсын Aurora Gaming баг 145 оноотой нэгдүгээр байр эзэлж, 17,000 ам.долларын шагнал авсан байна.

Сэтгэгдэл