Монгол, Япон хоёр улсын хоорондын албан ёсны хэлэлцээний өмнө “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг”-ийг солилцсон байна.
Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Ногоон чөлөөлөлт” болон Япон Улсын “POWERR Asia” санаачилга хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Мөн Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын бүх түвшний айлчлал, хэлэлцээ эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэх зорилгоор Давхар татварын болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ач холбогдлыг харилцан хүлээн зөвшөөрчээ.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг сайжруулж, Монгол Улсаас Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэж, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газрыг Монголд нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийлсэн байна.
Боловсролын салбарт Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн шатны хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ талууд хэлэлцжээ.
Монгол, Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохиох бөгөөд уг ойг өргөн хүрээнд тэмдэглэн, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдсэн байна.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар дэлхий дахины геополитикийн тогтворгүй нөхцөл байдалд харилцан ойлголцож, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцож, НҮБ болон олон талт байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Гадаад хэргийн яам мэдээлэв.


Сэтгэгдэл