Нийгэм

Улаанбаатар хотод 2026-2027 оны халаалтын улиралд 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр бэлтгэл хангагдав

2026-2027 оны халаалтын улирал албан ёсоор эхэлж, нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 440 борлуулалтын цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргасан байна. “Тавантолгой түлш” ТӨХК энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний тасралтгүйн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдэд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсний шахмал түлш, харин 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм. Хагас коксон түлшийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс худалдаанд гаргах бэлтгэл хангагдаад байна.

Одоогийн байдлаар 28.7 мянган тонн хагас коксон түлш бэлэн байгаа бөгөөд нийтдээ 56.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Иргэд “Хотула” аппликейшны тусламжтайгаар нэг шуудай угааж баяжуулсан түлшийг 3750 төгрөгөөр, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авах боломжтой байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнгийн мэдээлснээр, тус компани энэ оны галлагааны улиралд чанар өндөр түвшний түлш нийлүүлж байгаа аж. Лабораторийн шинжилгээнд дүрсэлснээр өнгөрсөн жилийн шахмал түлштэй харьцуулахад чанар сайжирсан бөгөөд утааны ялгаруулалт өмнөх жилээс 10-15 хувиар буурах хүлээлттэй байна.

Мөн уг мидлинг түлш чанараар хагас коксон түлшний түвшинд хүрэхгүй ч ирээдүйд Багануур дэх нүүрсний хагас коксын үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийг хагас коксон түлшээр бүрэн хангах боломжтой болно. Түүнчлэн, иргэдэд түлш хүргэх хүртээмжийг сайжруулах зорилгоор борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчид аппликейшнаар өөрт ойр байрлах цэгийг хянаж, худалдан авалт хийх боломжтой болгосон гэж онцолжээ.

Нэг шуудай түлшний жинг стандартын дагуу 24-26 килограммд тохируулж, үйлдвэрийн зүгээс савлагаа болон жингийн нарийвчилсан тохируулгыг хийж, 25 килограммын жинд анхаарал тавин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл