Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлснээр, Антарктидын озоны давхаргын цоорхой сүүлийн хэдэн арван жилд ажиглагдаагүйгээр хамгийн бага түвшинд хүрч хумигдсан байна. Өнгөрсөн оны хэмжилтээр энэ цоорхой 1992 оноос хойшхи хамгийн бага хэмжээгээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг нарны хортой туяанаас хамгаалдаг озоны давхарга эргэн сэргэж байгааг илэрхийлж байна. Гэсэн хэдий ч судлаачдын хувьд энэ аюул бүрэн арилаагүй гэдгийг анхааруулж байна.
Озоны давхарга сэргэсэн ч газрын гадаргуу дээрх хэт ягаан туяаны (UV) хэмжээ өндөр эрсдэлтэй түвшинд хэвээр байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, өндөр идэвхжилтэй хэт ягаан туяа илүү удаан хугацаанд тусч, давтамж нь нэмэгдсэн байна. Тухайлбал, Европын зарим бүсэд 1990-ээд оны дунд үеэс хэт ягаан туяаны хэмжээ 20 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Судлаачид энэ өсөлтийн гол шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүл багасч, нарны гэрэл газар дээр илүү удаан тусах болсон явдалтай холбон тайлбарлажээ.
Ийм нөхцөл байдал нь арьсны хорт хавдар болон нүдний эмгэгээр өвчлөх эрсдлийг дэлхий дахинд нэмэгдүүлэх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс нарны тусгал удаан, уур амьсгал тогтворгүй байгаа энэ үед нарны тос түрхэх, малгай, нүдний шил зүүх зэрэг хамгаалалтын арга хэмжээг авахыг Дэлхийн цаг уурын байгууллага онцгойлон зөвлөж байна.


Сэтгэгдэл