Эдийн засаг

Аравдугаар сард хангалттай газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор захиалгаа баталгаажуулжээ

Монгол Улсад сард дунджаар 230 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Өнгөрсөн сарын байдлаар нийт 279.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлогдсоноос 64 мянган тонн нь АИ-92 шатахуун, 215 мянган тонн нь дизель түлш байжээ.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны Газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр, аравдугаар сард хэрэгцээнд хангалттай хүрэхээр газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор захиалгаа баталгаажуулсан байна. Тодруулбал, Оросын Холбооны Улсаас 60 мянган тонн АИ-92 шатахуун, БНХАУ-аас 8 мянган тонн шатахуун авчирна. Мөн Солонгос, Сингапураас далайгаар бүтээгдэхүүн авахаар тохиролцсон бөгөөд нийт импорт 77-78 мянган тонн хүрнэ. Ингэснээр АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байх боломжтой гэж үзэж байна.

Аравдугаар сард Монгол Улс өвлийн дизель түлшинд шилжинэ. Одоогийн хэрэглэсэн дизель түлшээ дуусгаад шинэ, өвлийн зориулалттай дизель түлшийг импортоор авах төлөвлөгөөтэй байна. Үүнд, ОХУ-аас 160 мянган тонн, БНХАУ-аас 10 мянга орчим тонн болон бусад эх үүсвэрээс 30-40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалга баталгаажуулаад байна. Хэрэв захиалгууд хуваарийн дагуу биелэгдэж чадвал дизель түлшний нийлүүлэлтэд ямар нэг хүндрэл гарахгүй.

Нийтдээ энэ сард 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний 77 мянган тонн нь АИ-92 автобензин болно.

Шатахууны худалдаанд үүсээд буй шаглын асуудлын талаар Ч.Хишигдалай хэлэхдээ, шагийн бензин зарж буй үйлдлийг цагдаа болон тагнуулын байгууллага шалгаж байгаа гэлээ. Тодруулбал, автомашин, мотоциклоор яваа хүмүүс зохион байгуулалттайгаар газрын тосны бүтээгдэхүүний худалдааг шагийн үнээр хийж, дарааллын тоог нэмэгдүүлж байгаа тул хууль хүчний байгууллагууд энэ асуудлыг нарийвчлан тогтоож байгаа юм.

Сэтгэгдэл