Эдийн засаг

Беларусиас аравдугаар сараас шатахуун, онгоцны түлш нийлүүлэх боломжтой боллоо

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабын хурлаар Гадаад Харилцааны Яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа олон улсын шатахуун, түлшний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсад үүссэн шатахууны хүндрэл нь олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж байгааг онцлов. Зүүн Европ болон Ойрх Дорнодод сөргөлдөөн үргэлжилснээр олон улсын түлш шатахууны зах зээл дээр хүндрэл үүсчээ.

Сүүлийн долоон сард Ормузын хоолойтой холбоотой асуудал яригдаж байгаа аж. Тус хоолойн үйл ажиллагааны доголдол Азийн орнуудын шатахууны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн Улаан тэнгисийг Энэтхэгийн далайтай холбодог Баб Аль-Мандебийн хоолойн гацалтын эрсдэл үүссэнийг судалгаа тодорхойлжээ.

Олон улсын түлш шатахууны зах зээлд үүсэж буй гол хүндрэл нь геополитикийн урьдчилан таамаглах боломжгүй сөргөлдөөн байна. Улс орнууд дотоодын хэрэгцээгээ тэргүүнд хангах, стратегийн нөөцөө бүрдүүлэх, экспортын хэмжээ хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ байдал ойрын хугацаанд үргэлжлэх гэх таамаглал байна.

Хямралын эхэнд газрын тосны үнийн өсөлтийг онцолж байсан бол одоо боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саатал гарч, шатахуун, түлшний хүртээмж хумигдаж байна. Тухайлбал, Европын орнууд энэ оны дөрөвдүгээр улиралд агаарын түлшний хэрэгцээг бүрэн хангахад хүндрэлтэй байгаа мэдээлэл гарчээ. Үүнээс үүдэн Ази, Африкийн орнуудаас шинэ эх үүсвэр хайж байгаа гэнэ.

Монгол Улсад өргөн хэрэглээний шатахууны нийлүүлэлт хүндрэлтэй байгаа ч онгоцны болон дизель түлшний нийлүүлэлт харьцангуй тогтвортой байна. Харин олон улсад онгоцны болон дизель түлшний хомсдол хамгийн хурцадмал байдалтай байгаа аж.

Олны улсын авч буй арга хэмжээнд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн нөөцөө бүрдүүлэхээс гадна хэрэглээг хязгаарлах хоёр чиглэлийг хамруулж байна.

Мөн импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч буй талаар дурдлаа. БНСУ-тай долдугаар сард байгуулсан тохиролцооны хүрээнд есдүгээр сарын дунд үеэс Замын-Үүдээр автобензин дамжуулан нийлүүлж эхэлжээ.

Төв Азийн болон Зүүн Европын орнуудтай хийж буй хэлэлцээ одоогоор түр хугацааны сааталд орсон бөгөөд цаашдын үр дүн хараахан гараагүй байна.

Беларусийн талтай Минскэд хийсэн хэлэлцээрээр Монгол Улсад ОХУ-ын нутгаар дамжин аравдугаар сараас тодорхой хэмжээгээр шатахуун, онгоцны түлш нийлүүлэх боломжтой болсон гэж мэдэгдсэн байна. Мөн БНСУ-тай сар бүр тогтмол шатахуун худалдан авах асуудлаар хэлэлцээр үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл