Онцлох мэдээ Эдийн засаг

Монгол-Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг өчигдөр хүлээн авч уулзан, Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв.

Ерөнхий сайд Н.Учрал 2025–2028 онд Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллараас 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхэд талархал илэрхийллээ. Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин болон иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Тэрбээр боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэл бууруулахад зориулсан хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцлон, урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх саналыг тавьсан байна. Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2026 онд 200 сая ам.долларын төсвийн дэмжлэг авах асуудлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Гамшиг тохиолдсон үед ашиглах зориулалттай 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудлыг Азийн хөгжлийн банкнаас анхаарч ажиллаж байгааг мэдээллээ.

Уулзалтын үеэр Засгийн газрын зүгээс гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах саналыг гаргав. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл