Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар шатахууны нийлүүлэлт, хангамжид хяналт сайжруулна

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон Шатахууны шуурхай штабын ажлын хэсгийн төлөөлөл шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийн талаар иргэдийн төлөөлөлтэй өнгөрсөн өдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, мөн дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэхэд хяналт тавих шаардлагыг тавьсан юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны салбарт хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.

Мөн иргэдийг Шатахууны шуурхай штабын ажлын хэсэгтэй хамтран шатахуун түгээх станцууд дээр хийх хяналт шалгалтад оролцуулах саналыг дэмжсэн байна. Шаардлагатай тохиолдолд шатахууны чанарт газар дээр нь хяналт тавьж, дээж авч шинжлүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах боломжтой болохыг тодотголоо.

Сайд Г.Дамдинням шатахууны эрэлт хэрэгцээг ашиглан зохиомол хязгаарлалт үүсгэх, дамлан худалдаалах нөхцөл бүрдүүлсэн зөрчил гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

Мөн шатахууны станцуудын хяналтыг сайжруулахад зориулан нэгдсэн камерын систем болон автомашины улсын дугаараар шатахуун худалдан авалтын давтамжийг бүртгэдэг технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Сарын дундаж 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг Монгол Улс 2026 оны наймдугаар сард 67 мянган, есдүгээр сард 64 мянган тонн шатахуун хэрэглэсэн байна. Нийлүүлэлт буурсантай холбоотойгоор зах зээлд худалдан авалтын огцом өсөлт үүссэн нь түгээлтэд хүндрэл бий болгожээ.

Энгийн үед өдөрт ойролцоогоор 1,000 тонн АИ-92 автобензин борлуулагддаг бол одоогийн нөхцөлд өдөрт 1,700-1,800 тонн нийлүүлж байгаа ч эрэлт өндөр хэвээр байна.

Шатахууны хангамжийн эрсдэлийг урт хугацаанд бууруулах зорилгоор Засгийн газраас 150 мянган м³ багтаамжтай нөөц хадгалах арга хэмжээг эрчимжүүлж байна. Ингэснээр ердийн үед 45 хүртэл хоногийн шатахуун нөөцлөх боломж бүрдэнэ.

Олон улсын нөхцөл байдлаас үүдэн шатахууны импортод тодорхой эрсдэл үүсэж байгаа хэдий ч нийлүүлэлтийг тасалдуулахгүй, эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Иймд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн татан авах яриа хэлэлцээг үргэлжлүүлж, мөн БНСУ, Сингапур болон бусад эх үүсвэрээс шатахуун импортлох ажлыг эрчимжүүлж байна.

Аж үйлдвэрийн яам болон Шатахууны шуурхай штаб шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах, нөөцийг нэмэгдүүлэх, түгээлтэд хяналтыг сайжруулах, зохиомол хүндрэл үүсгэхгүй байх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл