Попрол, шуналын дунд жирийн ажилтнууд хохирох эрсдэл үүслээ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг тойрсон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Соёлын сайд Ч.Номин нарын маргаан дунд энгийн иргэд төөрөгдсөөр байна. Өнгөц харвал нэг тал нь үгүйсгэж шүүмжлэх гэж хэт улайрсан, нөгөө тал нь үндэслэлээ олигтой тайлбарлаж чадахгүй төсвөө хамгаалсан дүр зураг л олон нийтэд харагдаж буй юм.
Гэвч хэлэлцүүлгийн явцад өрнөсөн Р.Батболд гишүүний байр суурь, Сангийн сайд З.Мэндсайханы тайлбараас үзэхэд асуудлын гол нь маш ноцтой эрсдэлийг дагуулж байна. Тодруулбал, яамдын харьяа төслийн нэгжийн алба хаагчдын цалинг хасах, улмаар нэгэнт олгогдсон цалинг эргүүлэн нэхэмжлэх хууль эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байгаа нь анхаарал татаж эхэллээ.
Улсын төсөв гэдэг бол масс руу чиглэсэн улс төрийн тоглолт, оноо цуглуулах талбар биш юм. Нэг талын оноо цуглуулах гэсэн попрол, нөгөө талын төсөв захиран зарцуулах гэсэн шунал хоёрын дунд жирийн иргэд, төрийн албан хаагчид, ажилтан анги хохирч үлдэх маш өндөр магадлалтай байна. Тиймээс эрхэм гишүүд, шийдвэр гаргагчид улс орны амин чухал асуудалд ул суурьтай, хариуцлагатай хандахыг цаг үе шаардаж байна.
Н.Батаа


Сэтгэгдэл