Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 10 дугаар сарын 6-нд Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдээлэв. Ерөнхий сайд энэ тусламж нь амь насаа алдсан хүмүүсийн алтан амийг нөхөхгүй ч төр иргэнээ мартаж болохгүй гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед болон түүнээс хойш иргэдээ ганцааранг нь үлдээхгүй үйл ажиллагааг явуулдаг гэдгийг тэмдэглэлээ.
Дэлбэрэлт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон бөгөөд уг ослын улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Ерөнхий сайд осол нь зөвхөн тухайн уулзварт болсон асуудал бус, хүн ам шигүү суурьшсан хотын дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаатай холбоотой эрсдэл байгааг дурдаад, ийм осол өөр уулзвар, байрны ойролцоо гарч болзошгүйг онцлов.
Тэрбээр төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх үед осол гарвал үр дагавар нь илүү өргөн хүрээг хамрах эрсдэлтэйг хэлэв. Улаанбаатар хот дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэгдэж байгаа бөгөөд Засгийн газар хотын төвөөс аюултай ачаа тээвэрлэхийг багасгах шийдлийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын 87.8 километр үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа явж байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх хэсгийн ажил үргэлжилж байгаа бөгөөд энэхүү төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг аюултай ачааг хотын төвөөр дамжуулалгүй Богд уулын урдуур тойруулан тээвэрлэх боломж бүрдэнэ.
Төмөр зам болон авто замын аюултай ачааны тээврийн маршрут, стандарт, хяналтыг цогцоор нь эргэн харж, дахин ийм осол гаргахгүй байхыг төрийн гол үүрэг гэж Ерөнхий сайд дүгнэв.


Сэтгэгдэл