Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайд байгуулагдсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Цэцэрлэгт хүрээлэнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч зэрэг иж бүрэн тохижилт хийгдэж, хувирч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны систем, цөөрөм зэрэг байгууламжуудыг байрлуулсан байна. Мөн 40 гаруй мянган мод бут тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ.
Гурван жилийн турш өдөр бүр нээлттэй үйл ажиллагаатай явж байсан тус цэцэрлэгт хүрээлэнг “Рио Тинто Монгол” ХХК-ний захирал Х.Амаржаргал Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдаваад хүлээлгэн өгөх үеэрээ хэлэхдээ өнгөрсөн хугацаанд паркаар давхардсан тоогоор 6 сая гаруй хүн үйлчлүүлсэн гэж мэдээлэв.
Тэрбээр цэцэрлэгт хүрээлэн нь зөвхөн ногоон байгууламж төдийгүй гэр бүл, хүүхэд залуус, ахмад настан гээд бүх насныхны цуглах амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх чухал орон зай болж хөгжсөнийг онцоллоо. Мөн паркаа олон арван жилийн турш хадгалж хамгаалан хөгжүүлэхийг хүссэн.
Тус цэцэрлэгт хүрээлэнг 2024 онд ашиглалтад оруулснаас хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцан ажилласан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллахаар болсон байна.
Ирэх онд “Рио Тинто Монгол” компани Улаанбаатар хотын захиргаатай хамтран гэр хорооллын бүсэд дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг хоёр байршилд байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга мэдэгдлээ.


Сэтгэгдэл