Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Баасан гарагт 10 ширхэг тийрэлтэт хошуу, хэт өндөр даралттай агаарын сав ашигласан, нисэх чадвартай буюу “нисдэг” гэж нэрлэсэн шинэ спорт автомашинаа олон нийтэд танилцууллаа.
Техас муж дахь SpaceX-ийн туршилтын талбайд болсон танилцуулгын үеэр шинэ Roadster загварын машин ган хийцтэй налуу замаас амжилттай хөөрч, агаарт бүрэн эргэсний дараа дөрвөн дугуйн дээрээ буусан байна.
Уг автомашин нь 0-ээс 100 км/цаг хурдыг нэг секундээс бага хугацаанд авах чадвартай бөгөөд хамгийн дээд хурд нь 370 км/цаг хүрэх боломжтой гэж Маск мэдээлжээ.
Хоёр хүний суудалтай энэхүү спорт машиныг үзүүлбэрийн үеэр жолоочгүй туршсан бөгөөд Илон Маск үүнийг “хэн нэгнийг гэмтээхгүйн тулд” хийгдсэн гэж тайлбарласан байна.
Технологийн салбарын тэрбумтан Маск энэхүү бүтээлээ Тесла болон SpaceX компаниудын хамтын ажиллагааны үр дүн гэж тодорхойлсон бөгөөд “үндсэндээ пуужин шиг нисэж чадна” хэмээн илэрхийлжээ.
Roadster загварыг “замын хөдөлгөөнд ашиглахад аюулгүй байдал өндөр байхгүй ч бодит машин байх болно” гэж тэр танилцуулах үеэр хэлсэн байна.
Маск мөн бүх улс орон, бүс нутгийн хууль тогтоомжид нийцэх эсэхийг тодорхой мэдэхгүй ч, хэн нэгний эзэмшилд орж болох машинууд гарахыг таамаглаж байгаа гэж мэдэгдэв.
Тэрбээр уг машиныг 2028 онд үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн ч Тесла болон SpaceX-ийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлд гарах хугацаа нь өмнө нь хожимдож байсан асуудалтайг дурдсан юм.
Тус загварыг олон нийтэд танилцуулах үйл явц нь өмнө нь олон удаа хойшлогдсон бөгөөд хэрэглэгчид урьдчилан захиалга өгч байгаа ч эцсийн үнэ тодорхой болоогүй байна.
Түүхэнд анх 1917 онд Америкийн нисэхийн салбарын анхдагч Гленн Кертисс нисдэг машины анхны туршилтын загварыг танилцуулж байсан ба цахилгаан хөдөлгүүр болон өндөр хүчин чадалтай батарейн технологийн хөгжлөөр сүүлийн жилүүдэд нисдэг автомашины бодит загваруудыг бүтээх асуудал илүү идэвхжжээ.


Сэтгэгдэл