Нийгэм

Нийслэлийн өрхийн эмнэлгүүд ханиад, томуугийн идэвхжилтэй холбоотой амралтын өдрүүдэд ажиллана

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв нь томуугийн идэвхжил нэмэгдэж байгаа тул 2024 оны гуравдугаар сарын 17, 18, 24, 25-ны Бямба, Ням гарагуудад 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын мэдээлснээр, нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаан хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн хүндэрсэн тохиолдлоор эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 орчим хувь нь энэ насны хүүхдүүд байна.

Сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлтээр томуугийн дэгдэлт нь арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрдэг бөгөөд энэ үед эмнэлгийн дуудлага 325-аас тав дахин нэмэгдэж, ойролцоогоор 1,592-д хүрдэг байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 29,315 зорилтот бүлгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд томуугийн дэгдэлтийн үед үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд харьяа нутаг дэвсгэрийн жижиг хүүхэдтэй өрхүүдэд утсаар холбогдох арга хэмжээ авч байна.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахыг хүсвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж болох бөгөөд, эмнэлэгт очих боломжгүй бол явуулын баг гэрээр вакцин хийхээр зохион байгуулжээ.

Одоогийн байдлаар нийслэлийн томуугийн эсрэг вакцинжуулалтын явц 90 гаруй хувьтай явагдаж байна.

Сэтгэгдэл