Эдийн засаг

АҮЭБЯ шатахуунтай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр нийт ЦЕГ-т 786 дуудлага, мэдээлэл ирснээс 72 давхардсан тоогоор зөрчлийг урьдчилан сэргийлж, 159 мэдээллийг таслан зогсоосон талаар танилцуулав.

Үүнээс хэрүүл маргаантай холбоотой 431, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг дамлан зарсан 23 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдол бүрт ЦЕГ зөрчлийн хэрэг нээн шалгаж, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан борлуулах үйл ажиллагаатай холбоотой асуудлууд дээр арга хэмжээ авч байгаа юм.

2026 оны аравдугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний үлдэгдэл 22 мянган тонн буюу 90 хоногийн хэрэглээ, АИ-95 автобензиний үлдэгдэл 2,079 тонн буюу 17 хоногийн хэрэглээ, дизель түлшний үлдэгдэл 108 мянган тонн буюу 27 хоногийн хэрэглээ, онгоцны түлшний үлдэгдэл 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй байгаа талаар мэдээлэв.

Хойд болон урд хөрш, гуравдагч улсуудаас 2026 оны аравдугаар сард нийлүүлэх шатахууны нийт хэмжээ 78 мянган тонн бөгөөд үүнээс 38 мянган тонн АИ-92 автобензин аль хэдийн орж ирсэн бөгөөд бусад шатахуун тээвэрлэлтийн шатандаа явж байна.

Шатахууны хэрэглээ ердийн үедтэй дүйцэж байгаа бөгөөд ойрын хугацаанд БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас АИ-92 автобензин импортлох хэлцлүүд хийгдэж, энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар хэлэлцэж байна. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр ажиллаж байна.

Монополын эсрэг газар гуравдагч улсаас импортолж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөн асуудлыг шалгаж байгаа бөгөөд энэ талаар аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн эсэхийг арав хоногийн өмнөх Шуурхай штабын хурлаар шалгах үүрэг өгсөн байна.

Иргэд, олон нийтийн дунд шатахууны нөөц, хангамжийн мэдээлэл нээлттэй бус байгаагаас үүдэн гомдол нэмэгдэж буй тул АМГТГ дотоод шатахууны менежментийн систем “Benzin.mn” платформыг аппликейшнтэй холбож, шатахууны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хийж байна. Энэ нь шатахуун олгохгүй байгаа шатахуун түгээх станцуудыг шууд шалгах боломжийг нэмэх юм.

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа шатахуун борлуулдаг аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг нэмсэн шалтгаан нөхцөлийг өмнөх Шуурхай штабын хурлаар шалгах үүрэг авсан ажиллах хэсэг урьдчилсан байдлаар дэлхий дахинд шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан тухайн үед импортлох үнэ өссөнөөс үүдэлтэй гэж үзсэн байна.

Тухайлбал, Монгол улс олон улсын биржээс шатахуун авдаг бөгөөд 2026 оны есдүгээр сард АИ-92 автобензиний нэг тонн үнэ 873 ам.доллар байсан бол аравдугаар сард 1,063 ам.доллар болж 11.8 хувиар өссөн байна.

Иймээс шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан нь импортын үнэ өссөнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан гэж мэдээлэв.

Сэтгэгдэл