Цэргийн хөгжлийг дэмжих зориулалттай сангийн хөрөнгө хэвлэл мэдээлэл, вэбсайтын үйлчилгээний төлбөрт зарцуулсан асуудал анхаарал татаж байна.
Нээлттэй мэдээллийн сан дахь гэрээний жагсаалтаас үзвэл Зэвсэгт хүчний хөгжлийн сан болон “Ворд Медиа” ХХК /РД: 6475531/-тай холбоотой дараах хоёр бүртгэл байна.
2025 оны 7 дугаар сарын 24: 5,000,000 төгрөг
2026 оны 3 дугаар сарын 4: 8,000,000 төгрөг
Нийт: 13,000,000 төгрөг.
Эдгээр нь гэрээний жагсаалтад туссан дүн бөгөөд төлбөр юс. Тус гэрээний дагуу яг ямар ажил гүйцэтгэсэн нь одоогоор нотлогдоогүй байна.
Гэхдээ энд нэг ноцтой асуулт гарч ирж байна.
Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг вэбсайт, мэдээллийн үйлчилгээ худалдан авахад зарцуулах эрх зүйн үндэслэл бий юу?
Зэвсэгт хүчний хөгжил, бэлэн байдал, техник технологийн шинэчлэлд чиглэх ёстой сангийн хөрөнгийг зориулалтаас нь өөр үйлчилгээнд зарцуулсан бол энэ нь санхүүгийн сахилга бат төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудал болно.


Хуулийн заалт юу гэж байна вэ?
Зэвсэгт хүчний тухай хуулийн 18¹.7-д сангийн хөрөнгийг хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг шууд хориглосон байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журмын 2.4, 3.2, 3.3-т төсөл, арга хэмжээний жагсаалт, санхүүжилтийн шийдвэр, худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Иймд дараах асуудлыг яаралтай шалгах үндэслэл байна.
Нэгдүгээрт. 2025, 2026 онд нэг компанитай давтан гэрээ байгуулсан шалтгаан юу вэ?
Хоёрдугаарт. Гэрээний ажил нь вэбсайт, хэвлэл мэдээллийн үйлчилгээ байсан бол Зэвсэгт хүчний тухай хуулийн 18¹.3 дахь хэсгийн аль зориулалтад хамаарч байгаа вэ?
Гуравдугаарт. Хоёр гэрээний үр дүн, гүйцэтгэлийг хэн хүлээн авч, ямар үндэслэлээр санхүүжүүлсэн бэ?
Дөрөвдүгээрт. Сангийн хөрөнгийн зарцуулалтад аудит, санхүүгийн хяналт хийсэн үү?
13 САЯ ТӨГРӨГИЙН ЦААНА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДАЛ БАЙНА
Энэ бол зөвхөн 13 сая төгрөгийн асуудал биш. Батлан хамгаалах салбарын тусгай зориулалтын сангийн хөрөнгийг хэн, ямар шийдвэрээр, юунд зарцуулж байгаагийн асуудал юм.
Хэрэв дээрх гэрээнүүдийн санхүүжилт хуульд заасан зориулалтад нийцээгүй нь тогтоогдвол холбогдох албан тушаалтнуудын шийдвэр, хариуцлагыг шалгах ёстой.
Цэргийн хөгжлийн сангийн хөрөнгөөр вэбсайт санхүүжүүлсэн гэх асуудалд Батлан хамгаалах яам тайлбар өгөх шаардлагатай. Хуулиар зориулалтыг нь тогтоосон сангийн мөнгийг дур мэдэн зарцуулах эрх хэнд ч байхгүй.


Сэтгэгдэл