Нийгэм Онцлох мэдээ

Жолоочийн даатгалын хууль болон торгуулийн журам

Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулж, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулдаг.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг жилд нэг удаа төлөх ёстой бөгөөд үүнийг төлөөгүй үед Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Тухайлбал, жолооч нь даатгалгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин даатгалын хууль зөрчсөн, эсхүл техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулдаг.

Мөн 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бичигдсэн торгуулийн нэхэмжлэлийг төлөхөд тухайн торгуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлт тооцох журам хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч уг хөнгөлөлт жолоочийн хариуцлагын даатгал төлөөгүй зөрчилд хамаарахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Иргэд өөрийн даатгал төлөлтийн байдлыг шалгах шаардлагатай юм. Мөн тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын төлбөр өөр өөр байдгийг анхаараарай.

Сэтгэгдэл