Нийгэм

Монголын Х.Алтанцэцэг дэлхийн хүнсний форумд хөдөө аж ахуйн салбарын 100 эмэгтэйн нэгээр тодорчээ

Дэлхийн хүнсний форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн 100 эмэгтэйг алдаршуулах ёслол болжээ. Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Х.Алтанцэцэг энэхүү шалгаруулалтад нэр дэвшиж, амжилттай шалгарчээ.

Х.Алтанцэцэг нь ойролцоогоор 90 малчин өрхийг нэгтгэн, нутгийн Сутай хонины үүлдрийг хамгаалах, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тэрбээр уламжлалт мал маллагааны мэдлэгийг орчин үеийн үржүүлэг болон мал аж ахуйн менежменттэй хослуулан нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь малчин өрхүүдийн сүргийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, зах зээлд чиглэсэн арга барилыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.

Түүний манлайллаар хоршооны малчид орлогоо нэмэгдүүлэхээс гадна ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхиа бэхжүүлж байна. Мөн Х.Алтанцэцэг малчдын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүд, залуусын оролцоог дэмжин ажиллаж байгаа юм.

Х.Алтанцэцэгийн туршлага нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийг бий болгоход эмэгтэйчүүдийн манлайлал чухал үүрэгтэйг тодотгож байна. Тэрбээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдснээр Монголын малчдын туршлага, нутгийн малын үүлдэр угсааг хамгаалах ажлыг олон улсад таниулах боломжтой болжээ.

Сэтгэгдэл