Монгол Улсад гэр бүл салалт нэмэгдэхэд инфляци, амьжиргааны өртөг, мөн өрхийн орлогын хүрэлцээ багатай байдал голлон нөлөөлж байгааг гэр бүл судлаачид онцолжээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөс өрхийн өдөр тутмын зардал нэмэгдсэн нь санхүүгийн дарамт үүсгэж, хосуудын хооронд маргаан, үл ойлголцол гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2021 онд 3391 гэр бүл гэр бүлээ цуцлуулсан бол 2025 онд энэ тоо 4493 болж, таван жилийн хугацаанд 32.5 хувиар нэмэгджээ. Харин шинээр гэрлэлт бүртгэгдсэн тоо мөн хугацаанд 16,118-аас 12,582 болж, 21.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэр бүл судлаачдын үзэж буйгаар гэр бүл салалтад зөвхөн хосуудын харилцаа, итгэлцэл, үзэл бодлын зөрүү бус, ажилгүйдэл, инфляци болон эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байгаа юм. Тухайлбал, өрхийн орлого нь амьжиргааны зардлыг нөхөж чадахгүй байгаа нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хуримтлагдсан санхүүгийн дарамт маргаан, зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг, гэр бүлийн боловсролын үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг судлаачид шүүмжилжээ. Иймээс гэр бүл салалтыг бууруулахын тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох, гэр бүлийн зөвлөгөө ба боловсролын үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж байна.


Сэтгэгдэл