Монголын бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байгааг “Монгол сурагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлгээр илрүүлжээ. МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон Боловсрол судлалын хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан уг судалгаанд цүнхний жинг сурагчийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн ч дээрх тоо гарсан нь анхаарал татаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр цүнхний жингийн ангийн ялгаа, сурах бичгийн ачаалал, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг дүн шинжилгээгээр харуулсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 78 хувь нь цүнх нь хүнд байгааг, 88 хувь нь локер хэрэгтэй гэж үзэж, 82 хувь нь хичээлийн хуваарийг илүү зохистой болгох шаардлагатай гэж хариулжээ.
Цүнхний ачааллын бүтцийн хувьд сурах бичиг нь нийт жингийн 40-60 хувийг эзэлж байна. Олон улсын жишгээр сурагч жил бүр сурах агуулгаа нэг ном болгон хэвлүүлж, локерт хадгаладаг. Гэвч Монголын сургуульд локер байгаагийн хувьд нэг ангид хувааж ашигласнаас хүүхдийн цүнхний жинд эерэг нөлөө үзүүлэхгүй байгааг судалгааны дүгнэлтэд дурдсан байна.


Сэтгэгдэл