Авлигатай тэмцэх газар (АТГ) Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийжээ. Илэрсэн нөхцөл байдалд үндэслэн АТГ зургаан чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.
Эдгээр зөвлөмж нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахад чиглэгдсэн аж. Тухайлбал, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын оролцоог сайжруулах, хэлтэс, албадын уялдаа холбоо болон ажил хүлээлцэх үйл явцыг хянахыг онцолжээ.
Мөн төсвийн төлөвлөлт ба санхүүгийн сахилга батыг сайжруулах, бодит судалгаанд үндэслэн төсөв боловсруулах, төсвийн зөрчил гаргахгүй байх, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх талаар зөвлөсөн байна.
Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, хугацаанд нь бүрэн гүйцэтгэхэд анхаарах, гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагад холбогдох хариуцлага оногдуулах, тухайлбал тэдгээрийн тендерт оролцох эрхийг хязгаарлах талаар тусгагджээ.
Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, зөрчил гаргахгүй байхыг шаардсан бөгөөд гэрээний бүртгэл, хяналтыг сайжруулахын тулд яамны төвлөрсөн гэрээний сан үүсгэж, хэрэгжилтийг хянахыг зөвлөсөн байна.
Эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, хариу өгөх үүргийг АТГ-аас 2023 онд Эрүүл мэндийн яаманд даалгажээ.


Сэтгэгдэл