Эдийн засаг

Ипотекийн зээлийн хүүг бүсчлэн тогтоохоор төлөвлөжээ

Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн хүүг бүсчлэн тогтооно.

Энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэд орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих зэрэг хувилбаруудаас сонголт хийх боломжтой.

Барилга, хот байгуулалтын сайдын яам (БХБОСЯ) Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хуваан, хотын төвд байр авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг хамгийн ихдээ 12 хувь, хотын зах болон бүсчлэн хөгжүүлж буй бүсэд байр авах иргэдэд 6 хувь байхаар зохицуулна.

Ипотекийн зээлийн хүүгийн бүсчлэл:

I бүсэд 6 хувь ногдоно. Энэ бүс нь төвлөрлийг сааруулах, олон төвт хот, дэд төвүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих зорилготой.

II бүсэд 8 хувь тогтооно. Тус бүс нь шинэ суурьшил үүсгэж, дэд бүтцийг сайжруулах, хотын тэлэлтийг хязгаарлах зорилготой.

III бүсэд 10 хувь байх ба энэ нь барилгажилтын нягтралыг хадгалж, орчны сайжруулалтыг дэмжих чиглэлтэй.

IV бүсэд буюу хотын төв хэсэгт ипотекийн хүү 12 хувь байж, төвлөрлийг бууруулах, орон сууцны эрэлтийг бусад бүс рүү чиглүүлэх зорилготой.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах ангилал болон хувь хэмжээг дурдвал:

Төрийн үйлчилгээний ажилтан 20%, ахмад настан 18%, залуу гэр бүл 15%, төрийн бусад албан хаагч 15%, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл 10%, хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10%, өрх толгойлсон эцэг, эх 5%, олон хүүхэдтэй гэр бүл 5%, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэд 2% байна.

Сэтгэгдэл