Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр/2026.11.07/ хуралдаж, удирдлага болон бүтцээ шинэчлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн МАН-ын даргад Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшинэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Одоогоор дээрх албанд түүнээс өөр өрсөлдөх нэр олон нийтэд ил болоогүй ч хурал эхлэхэд Бага хурлын гишүүд заалнаас нэрээ дэвшүүлэх боломж бий.
Нийслэлийн МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй, энэ удаагийн хурлаар дэд дарга нарыг ч шинээр сонгох сураг дуулдаж буй. Хэрэв энэ үнэн бол Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ч.Батзул, Ж.Батсайхан, Б.Галцог, Х.Алтаншагай нарыг ч өөрчилж магадгүй.
Нийслэлийн МАН-ыг Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар удирддаг. Тэрбээр намынхаа удирдлагатай гар нийлж ажиллах боломжгүй болсон үеэс Нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ гэдэг марафон нам дотор нь хүчтэй өрнөж, сайд Э.Бат-Амгалан нэрээ дэвшүүлнэ гэж нэг хэсэг давшсан ч амжилт олоогүй. Эцэст нь Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хороог удирддаг жишгийг дагаж, Б.Пүрэвдагвад тамга шилжиж мэдэхээр байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хувьд түүнээс өөр түших тулах найдах хүн байхгүй болчихоод буй нь бас туйлын үнэн. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль Ерөнхий сайд Н.Учралын хувьд алдах эрхгүй сонгууль. Энэхүү сонгуульд хамгийн том шийдвэрлэх санал өгөх газар бол Улаанбаатар хот. Сонгогчдын 50 шахам хувь бий. Иймээс Нийслэлийн МАН-ын хороо гэх том айлыг хамгийн итгэл даах хүндээ даатгах шаардлагатай болсон. Нийслэлийн Бага хурлын гишүүд хэнд итгэл үзүүлэхийг өнөөдрийн энэхүү хурлаас шийдэгдэнэ.
Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болно.


Сэтгэгдэл