Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлснээр, 2026 оны төлөвлөгөөт дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд 3.6 сая тун шүлхийгийн вакцин худалдан авчээ.
Энэ онд нийт 19 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил технологит хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл мэдээлэв.
2026 онд шүлхий болон ямааны годрон зэрэг гоц халдварт өвчин гарсны улмаас төсөвлөлт нэмэгдэх шаардлагатай болж, төлөвлөгөөт дархлаажуулалтын хүрээнд нэмэлт арга хэмжээ авахыг Мал эмнэлгийн ерөнхий газар мэдэгдлээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын өр төлбөрийн үлдэгдэл 2025 онд 17.3 тэрбум төгрөг байсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулсны дараа 10.1 тэрбум төгрөгийн өрийг бүрэн барагдуулсан байна.
Мөн шүлхий өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын зардлын өсөлттэй холбогдуулан 2026 онд 30.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул энэ асуудлыг сайдад танилцуулж, улсын төсвийн тодотголд тусгуулаад байна.
Ингэснээр 2025 оны өр төлбөр болон 2026 оны нэмэлт санхүүжилтийн асуудлыг энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэхээр болжээ.
Технологит дархлаажуулалтын ажлыг гурван үе шаттай зохион байгуулж, эхний хоёр шат бүрэн дууссан бөгөөд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх гуравдугаар шатны бэлтгэлд Хангайн болон Говийн бүсийн үхэр сүргийг хамруулах зорилготой энэхүү вакцин худалдан авалтын ажлыг зохион байгуулсан байна.
Вакциныг арваннэгдүгээр сарын 5-ны дотор аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад хүргэх бэлтгэлийг хангаж, дархлаажуулалтыг арваннэгдүгээр сарын 8-наас эхлүүлэн арванхоёрдугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн ямааны годрон өвчний дэгдэлтэд бэлтгэж вакцины нөөц бүрдүүлэх, цаашид дотооддоо вакцин үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Дотоодын вакцин үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлжээ.
Одоогийн байдлаар вакцин үйлдвэрлэлийн нийт зардлын 80 хувийг “Биокомбинат” ТӨХК-д шилжүүлж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл