Нийгэм

Япон мэргэжилтнүүдтэй хамтран хүүхдийн хүнд хэлбэрийн тавхайн согогийн мэс засал хийв

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) Хүүхдийн мэс заслын тасгийн баг Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны аравдугаар сарын 22-25-ны хооронд амбулаторийн үзлэг, мэс засал, эмч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой байв.

Амбулаториор 0-18 насны 10 хүүхдийг хамруулж, тавхайн анатоми болон үйл ажиллагааг нарийвчлан үнэлсэн бөгөөд зөвлөлдсөн шүүмж, эмчилгээг баталгаажуулсан байна. Арга хэмжээний үеэр төрсөн төрөлхийн хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази, хоёр талын hallux valgus, төрөлхийн хүнд хэлбэрийн хавтгай тавхай болон зүүн шилбэний хуурамч үе зэрэг хүнд хэлбэрийн согогтой дөрвөн өвчтөнд амжилттай мэс засал хийжээ.

Мөн хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик сургалт болон тохиолдлын хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогч эмч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, мөн мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээг уялдуулан сайжруулахад түлхэц болсон байна.

Сэтгэгдэл