Онцлох мэдээ Улс төр

“Цемент шохой” ХК-ийн санхүүгийн тайланд 558.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гарлаа

Үндэсний аудитын газраас “Цемент шохой” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, нийт 558.3 тэрбум төгрөгийн материаллаг алдаа, зөрчил илрүүлэн сөрөг дүгнэлт гаргасан байна.

Шалгалтаар санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл болон худалдан авах ажиллагааны журам зөрчигдсөн дараах гол асуудлууд илэрчээ:

Бараа материалын илүүдэл: Хэрэгцээ шаардлагаас илүү 10 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд агуулахад 3,046 нэр төрлийн 1 сая гаруй ширхэг бараа материал удаан хугацаанд хадгалагдсан байна.
Авлага ба өр төлбөрийн зөрчил: 65.9 тэрбум төгрөгийн найдваргүй авлагад нөөц байгуулаагүйгээс авлагын үлдэгдлийг 30.2 тэрбум төгрөгөөр илүү тайлагнажээ. Мөн өмнөх төлбөрөө барагдуулаагүй 36 харилцагчид цемент үргэлжлүүлэн нийлүүлснээр 12.3 тэрбум төгрөгийн авлага үүсгэсэн байна.
Худалдан авах ажиллагаа: Нээлттэй тендергүйгээр 10 харилцагчтай 5.1 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулж, 16 харилцагчийн гэрээний дүнг 5.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн худалдан авалт хийжээ.
Орлого ба хөрөнгийн бүртгэл: Борлуулалтын орлоготой холбоотой 40.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс гадна 56 тээврийн хэрэгслийг (4.6 тэрбум төгрөг) санхүүгийн бүртгэлд тусгаагүй байжээ.

Аудитын байгууллагаас дурдсан 558.3 тэрбум төгрөгийн зөрчил нь хөрөнгө шууд алдагдсан эсвэл мөнгө завшсан гэсэн үг биш, харин санхүүгийн тайлан бодит байдалд нийцэж, үнэн зөв илэрхийлэгдээгүйг тусгасан дүгнэлт юм.

 

 

 

Сэтгэгдэл